Ням, 2024-12-22, 6:26 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Бусад

Америк бага сургууль

Гурван жилийн өмнө…
Бид анх удаа сургууль дээр ирэв. Миний хүү Андрей зургаан настай, ганц хүү минь, хайртай үр минь, миний ухаалаг хөөрхөн хүү. Сургууль дээр, ганцаараа, ээжгүй үлдэнэ. Ганц энэ бол ч бас яахав....
-    Сургууль дээр юм бүхэн гэрт байхаас өөр гэдгийг миний хүү ойлгож байна уу?
-    Тэгэлгүй яахав. Тэнд телевизор байхгүй.
-    Телевизор харин ч бий шүү. Гэвч тэнд хэн ч оросоор ярихгүй!
Бид зүгээр л нэг сургуульд ирж буй юм биш. Бид нэгэн америкийн ерөнхий боловсролын сургуульд ирж буй хэрэг бөгөөд хүү минь англиар ганц ч үг мэдэхгүй.  
Бид 2006 онд Америкт ирэхэд хүү маань сургуульд орох нас нь болж, сургуулийн асуудал ёстой жинхнээсээ оволзож өгсөн дөө. Та нэг жил эсвэл насаараа амьдрахаар ирсэн үү гэдэг чинь чухал бус, энд хүүхэд заавал сургуульд явж боловсрол олж авах ёстой, тэгэхлээр орон нутгийн сургуульд өгөхөөс л өөр арга байхгүй. Тэр үед надад америк сургуулийн тухай ямар ч ойлголт байгаагүй бүхнийг явцын дундуур л мэдэж авах хэрэг гарсан. Тэгээд л би тэр үеэс эхлэн суралцсаар ирлээ, одоо хүү минь гуравдугаар анги л даа. Мэдээж би боловсролын салбарын мэргэжилтэн болчихоогүй, гэхдээ бас ч овоо туршлага хуримтлуулсан.

Сонголт
Төлбөргүй сургуульд хүүхэд гэрийн хаягаараа орно. Тухайн хотынхоо харьяа дүүргийн вэбсайтаас (County Public Schools Organization) хаана ямар гудамжинд буй сургуульд хүүхдээ өгөхөө мэдэж авна. Ухаалаг аав ээж нар бол байр хөлслөхөөр эсвэл худалдан авахаар хайхдаа эхлээд энэ сайтаас эхэлдэг юм билээ. Өөрөөр хэлбэл ухаалаг аав ээж нар эхлээд хүүхдийнхээ сурах сургуулийг сонгочихоод дараа нь үүндээ тааруулан байраа сонгодог. Боловсролын тогтолцоо нь шат ахихын хэрээр томроод явчихна. Анхан шатны сургууль нэг их том биш тухайлбал манай сургуульд зургаан зуу орчим хүүхэд сурдаг. Дунд сургууль арай том болно, энд хэд хэдэн бага сургуулиас хүүхдүүд ирж нийлэх ба ахлах сургууль бол бүр томроод явчихна.
Тухайн дүүргийн (каунти) сайт дээр бүх сургуулиудын тухай мэдээлэл байна. Сайт уруу ороод л багш нар, хүүхэдтэй ажиллах бусад мэргэжилтэн болон ажилтнуудын тоо, тэдний мэргэшил, сурагчдын яс үндэстний бүрэлдэхүүн, эцэг эхийн бэл чинээ (үнэгүй үдийн хоол хичнээнийг олгож буй нь үүнийг харуулах гол баримт), сурагчдаас сүүлийн гурван жилд үзүүлсэн амжилт, сургуулийн техник хангамж, сүүлийн жилүүдэд хэвийн бус үйл явдал гарсан эсэх (гал түймэр, зодоон, бусад тоогүй үйл явдал ) гээд л бүхнийг олж үзэж болно. Ямар нэмэлт үйлчилгээ байдаг (уртасгасан ээлж бий эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлан хөтөлбөр бий эсэх, гүнзгийрүүлсэн сургалт байдаг эсэх г.м) эсэхийг мөн сургуулийн төсвийн талаар ч сонирхоод авч болно. Энэ бүхнийг шүүн үзсэний үндсэн дээр хүүхдээ аль сургуульд өгөхөө шийдэж болно.
Тэгэхлээр одоо хөрш гудамжинд байгаа адилхан байшингууд яахаараа өөр өөр үнэтэй байдаг байнаа гээд гайхаад байх явдалгүй болж байгаа юм. Ердөө л тэд чинь өөр өөр сургуулийн харьяанд буй хэрэг....

Сургалт
Бага сургуулийн ангийн багш нь жил бүр солигддог. Бага ангийн багш хүн тухайн нэг ангиар (нэгдүгээр, хоёрдугаар г.м) мэргэжсэн тухай зөвшөөрөл болон өөрийн хөтөлбөртэй байх ёстой. Орох хичээлүүд хатуу тогтоогдсон байдаг. Тухайлбал гуравдугаар ангид математик, соёл, эрүүл мэнд, нийгмийн ухаан (улирлаас улиралд газар зүй, Америкийн түүх, дэлхийн түүх, эдийн засаг гэж өөрчлөгдөнө), байгалийн ухаан (биологи, физик), хөгжим, англи хэл тус тус орно. Англи хэлний хичээлд унших, ярианы чадвар, зөв бичих, захиа бичих гэж тус тусдаа дүгнэгдэнэ. Би буруу ярьж буй юм биш, зөв бичих болон захиа бичих гэдэг чинь хоёр өөр ойлголт. Эхнийхэд нь бол үгээ зөв бичих нь чухал, энд зүгээр цээжлээд л цээж бичиг хийгээд байна. Харин хоёрдахь нь бол бодлоо цаасан дээр буулгах чадвар, хамаагүй алдаатай ч байж болох гагцхүү эссэ бичлэгийн дүрмээр бичигдсэн бөгөөд уялдаа холбоо сайтай л байх ёстой. Өөрийн бодлоо тодорхой дараалалтайгаар илэрхийлж сурахыг энд нэгдүгээр ангиас нь л заадаг, өөрөөр хэлбэл оршил (гурваас цөөнгүй өгүүлбэр), гурван янзын тайлбар нотолгоо бүхий үндсэн хэсэг тэгээд заавал дүгнэлт бүхий төгсгөл хэсэг байдаг.  
Эдийн засгийн үндсийг бага сургуульд үзэх нь миний хувьд шинэ нээлт байв. "Өө би ойлголоо” гэж хүүг маань анх сургууль дээрээсээ эдийн засгийн асуудлаар асуусаар орж ирэхэд нь нөхөр маань уулга алдаж билээ. "Эд чинь нэгдүгээр ангиас нь эхлээд л менежер бэлдээд эхэлдэг юм байна! Бид нарыг харандаа, үзэгтэйгээ дөнгөж ноцолдож байхад энд нийлүүлэгч гэж хэн болох, үйлдвэрлэгч гэж хэн болох, ашиг ямар байх тухай ... гээд зааж эхэлдэг юм байна” гэж билээ.
Бүх зүйл тоглоомноос л эхэлнэ. Шинэ жилийн өмнө тэд сургууль дээрээ шохой хийцгээдэг. Сурагчид сарын турш хуучин лаван шохой цуглуулан гэртээ авчирцгааж гадуурхи цаасыг нь цэвэрлэж хаяад буцаан сургуульдаа аваачна. Товлосон өдрөө шохойнуудаа өнгөөр нь ялган, тусгай саванд хайлуулж, хэлбэрт оруулж цутгаад, хүйтэн усанд хийн бэхжүүлээд энэхүү шинэ шохойнуудаа хатаагаад дараа нь сургуулийн үзэсгэлэн худалдаан дээр худалддаг. Технологийн шат дамжлагад оролцоцгоож, хүн бүр үйлдвэрлэлийн өөрт ноогдсон хэсэгтээ хариуцаж, бүхнийг тогтсон ном журмын дагуу бичиж тэмдэглэн, тооцоог хийнэ. Эндээс орсон орлого "үйлдвэрлэгчдэд” бэлэг худалдан авахад зарцуулагддаг. Энэ санаа миний хүүд тун их таалагдаж цаас арилгах, цэвэрлэх ажилд гэрийнхнээ бүгдийг татан оролцуулсан.
Миний нэг танил маань хүүгийнхээ хичээлд суусан юм. Хичээл дуусаад багш нь хүүхдүүдээсээ «Did you have fun?» («Та нарт сонирхолтой байв уу? Хөгжилтэй зугаатай байж чадав уу даа?») гэж асуусан нь манай найз бүсгүйг тун их гайхашруулсан байв. Энэхүү асуултаар америкийн болоод оросын сургуулийн үндсэн ялгаа гарч ирж буй юм. Энд гол нь хүүхэд сэтгэл ханамж авч, үйл явдалд оролцож, баяр хөөртэй байх явдал чухал.
Үр дүн нь харин гэж үү? Мэдээж бүхнийг тооцчихсон байгаа, үүнд санаа зоволтгүй. Хувийн хэрэг гэж байна энэ бол сурагч бүрийн "зээлийн түүх” гэсэн үг, түүний амжилт болоод асуудал үүсгэсэн болгон нь бэлтгэл ангиас эхлээд коллежид ортол бичигдсэн байдаг. Ингээд энэхүү олон жилийн fun (сэтгэл ханамж) нэг бол ирээдүйн баталгаа болж эсвэл ... эсрэгээрээ ч байж болно. Энд ямар ч хувийн харилцаа байхгүй, бүх юм албан харилцаагаар л шийдэгдэнэ.

Биеэ авч явах дүрэм
Зэрвэс харахад бага сургууль нь бөөн таашаал авсан, тоглож наргисан л юм байдаг. Багш нар инээмсэглээд л, захирал бүгдийг нэрээр нь мэдээд л, эцэг эхтэй уулзсан багш болгон л яриагаа "та ёстой гайхалтай хүүхэдтэй!” гээд л эхэлнэ. Ингэхэд та, биеэ авч яваа байдлаар нь миний хүү хичнээн дүнтэй гэж бодож байна? Арав. Суралцахдаа хандах хариуцлага, сургуулийн журмыг сахих, эелдэг харилцаа, өөрийгөө хянах, дүрэм журмыг биелүүлэх чадвар, аман зааврыг хүлээн авах ба биелүүлэх чадвар, ажлын байраа зохион байгуулах чадвар, сургуулийн үнэт зүйлсийг хүндэтгэх байдал, цагийг үр бүтээлтэй ашиглах чадвар, багаар ажиллах гээд арав болж байгаа юм. Надад хэтрүүлээд байгаа юм байхгүй, миний өмнө хүүгийн маань өнгөрсөн улирлын дүнгийн хүснэгт байна л даа.  
Хориглох зүйлс: гүйх, харайх (зөвхөн завсарлагааны цагаар тоглоомын талбай дээр л зөвшөөрөгдөнө), зөвшөөрөлгүйгээр бусдын эд зүйл авах, хуулах, нөхдөө татаж чангаах (ноцолдох төрлийн тоглоомнууд). Оросоос эндхийн бага сургуульд шилжин ирсэн хүүхдүүд энэ дутагдлыг хамгийн их гаргадаг. "Хувийн орон зайн талаар бид маш өөр ойлголттой” тийм болохоор бид орон нутгийн ёс заншилд суралцах л хэрэгтэй болдог.

Сандал дээр суулгах нь хамгийн өргөн тархсан шийтгэл. Арай ноцтой зөрчил гаргавал захирал дээр оруулна. Тоглоомон буу, "чамайг ална даа” гэж тоглож хэлэх нь хамгийн хүнд хэрэгт тооцогдох ба үүнд тун хүнд шийтгэл оногдуулна, бүр сургуулиас "хар тамгатай” хөөгдөхөд ч хүрч болно.  
Сургууль дээрхи урамшуулах систем нь ч их сонин санагддаг юм. Сургууль дээр биеэ зөв авч явсныхаа төлөө болон шаргуу суралцсаныхаа шагналд сурагчид долоо хоногийн турш "сургуулийн доллар” цуглуулна. (менежер бэлддэг юм байна гэсэн нөхрийн маань үг үнэн болж таарлаа!). Баасан гарагт үүгээрээ тоглоом, харандаа, амьтны дүрстэй баллуур худалдан авч болох ба мөн үргэлжлүүлэн хурааж байгаад ямар нэг оюунлаг зүйл авч болдог. Тухайлбал багштайгаа үдийн хоолонд орох.
Өнгөрөгч баасан гарагт хүү маань сургууль дээрээ сургуулийн доллараараа ийм үдийн хоол худалдан авсан. "Ээжээ багш маань өрөвдмөөр байсан юмаа. Ойрд ерөөсөө түүнтэй хэн ч үдийн хоол идэхээр доллар цуглуулаагүй” гэж тэр яагаад ингэх болсон тухайгаа тайлбарласан. Харин том болоод тэр яах юм болоо? Бүх охидыг өрөвдөөд л…
Хамгийн үнэтэй нь захиралтай үдийн хоолонд орох. Энэ ч ... үнэндээ би ойлгодоггүй л дээ, ер нь хэн ч ойлгохгүй байх л даа. Арай чуу гэж цуглуулсан мөнгөө багштайгаа эсвэл захиралтай үдийн хоол идэх гэж үрнэ гэдэг ч?! Яг үнэндээ бол би манай захиралтай уулзахгүйн төлөө л мөнгө төлөх байсан даа.

Эцэг эхээс сургуультай харьцах
Сургууль дээр юу болж байгаа тухайд би долоо хоног бүр нэг удаа шар дугтуйтай мэдээлэл авдаг. Пүрэв гарагт шар дугтуйг авчирна. За тэгээд л нээгээд үзнэ дээ.
Математикийн бодлого бодсон таван хуудас гарч ирлээ. Тэд хасахыг үзэж дуусаад үржүүлэх уруу орсон байна. Тэнд зурагдсан таван хошуу болон инээж буй дүрслэлүүдийг хараад хүү маань бодлогуудыг амжилттай бодсон нь харагдав. Мөн англиар зөв бичих хяналтын ажлын хоёр хуудас байв. Үүнийгээ тэд спеллинг гэдэг… Юм алга, дүүжигнээд л яваа бололтой. Эртний Египтийн түүхээр хяналтын ажил хийсэн үр дүн нь байна. 25 асуултаас 24-ийг зөв хариулчихаж. Мундаг авьяаслаг нөхөр бойжиж байгаа юм байна шүү, манай хүүхэд чинь!
Сурлагын амжилтаас гадна энэ шар дугтуйнд мөн түүнчлэн сургуулийн гуанзны ирэх сарын хоолны менью, буяны ажилд оролцох урилга, эцэг эхийн хорооны мэдээллийн хуудас байна.
Ингээд л харилцаж эхэлж байгаа юм. Эцэг эхийн хурал гэж энд байхгүй. Багш нь эцэг эхтэй жилд нэг удаа, аравдугаар сард уулздаг. Нүүр тулж уулзах ба үүнд хичээл хийхгүй бүтэн хоёр өдрийг зориулдаг. Эхлээд танай хүүхэд ямар гайхалтай хүүхэд болох тухай, ямар их ухаалаг болох тухай, түүнийг чухам тэр багшид итгэн өгч сургаж байгаад нь багш ямар их баярлаж буйгаа их тухтай удаан гэгч нь бахархалтайгаар ярина. Тэгээд дараа нь "Бид зарим нэг зүйлийг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” гэж их л ердийн зүйл ярьж буй мэт ярина. Энд тун анхааралтай байх ёстой болно, учир нь энд тун их ач холбогдолтой мэдээлэл байдаг.
Танай хүүхэд юу болж буй тухай бүх зүйлийг мэдэж авах болно, анхаарал татах зүйл байхгүй бол сургууль уруу явах гэх хэрэггүй. Ямар нэг зүйл таньд таалагдахгүй байвал нэмэлт уулзалт захиалж болох юм. Үүнийг цахим шуудангаар хийчих нь дээр. Интернет бол хоорондоо харилцах хамгийн дэлгэрсэн арга. Багш тун дэлгэрэнгүй, шуурхай хариулдаг. Хичээлд сууж үзэх үү? Болно шүү! Багшид туслах гэвэл жижиг сажиг ажил үргэлж л гарч байдаг. Тухайлбал Пүрэв гарагт шар дугтуйнд зохих бичгүүдийг хийлцэж болно.

Мэргэжилтнүүд
Манай хүүг анх сургуульд орохоос нь эхлээд л хатагтай Хардисти ESL (English as Second Language) багшаар нь буюу унаган англи хэлгүй хүүхдэд англи хэл заах багшаар ажилласан. Их эрч хүчтэй буурал үстэй эмэгтэй, өөрөө насанд хүрсэн гурван хүүгийн эх, гадаадын бяцхан хүүхдүүдэд англи хэл заах гучин жилийн туршлагатай. Миний л мэдэж байгаагаар бол манай энэ сургуульд 50 улсаас ирсэн хүүхдүүд 47 өөр хэлээр ярьдаг болохоор хатагтай Хардисти уйдах завгүй байдаг байх. Миний хүүтэй тэрээр долоо хоногт хоёр удаа (урьд нь арай олон удаа байсан) заримдаа ганцаарчилан эсвэл 2-3 хүүхэдтэй нийлүүлэн дөчин минутаар хичээллэдэг.
Мөн долоо хоногт нэг удаа бужгар үстэй, инээмсэглэж явдаг хэл засалч багш хатагтай Ди хүүтэй маань нэг удаа хичээллэдэг. Хүү маань ээрэх гээд байдаг тул хатагтай Ди бидэнд чухал байсан. Хэл заслын хичээлд суухын тулд тусгай комиссоор орох болсон. Эхлээд энэ тухай хурал, шийдвэр, тогтоол болон миний гарын үсэг зурах бичиг цаас эх төгсгөлгүй юм шиг л надад санагдаж байсан. Одоо бол би тун сэтгэл хангалуун байгаа, ер нь бол мэргэжилтэнтэй биечлэн ажиллах нь Америкт тун үнэтэй тусдаг юм. Зөвхөн дислекси буюу үл суралцах өвчний онош тавиулахад л хоёр мянган орчим доллар байдаг. ESL болон хэл засалч багшаас гадна сургуульд сэтгэл зүйч, тусгай сурганы багш (дефектолог) , аутизм өвчтэй хүүхдийг сургах мэргэжилтэн, болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд туслагч зэрэг мэргэжлийн хүмүүс ажилладаг. Хэрвээ сургуулийн комисс нь энэ хүүхэд ийм тусламж авах шаардлагатай гээд л хүлээн зөвшөөрчих юм бол бүх хөтөлбөр үнэгүй. Хүнд суртал хэцүү, гэхдээ та уйгагүй зүтгэх юм бол хүүхэддээ хэрэгтэй болгоныг авч чадна.

Хувийн сургууль
Миний найз бүсгүй тун сонин зүйл ажигласанаа надад ярьсан юм. "Америкт эмэгтэйчүүдийн нэгэн онцгой бүлэг бий. Нарийхан, өндөр биш, бага зэрэг долгиотсон шар үстэй, найзархаг бөгөөд сайхан сэтгэлтэй, тэд спорт загвараар хувцаслах дуртай, голдуу охид төрүүлдэг. Тэд нь нарийвтар, шаргал охид ёс журам их сайн баримтлана” гэж найз маань ярьсан юм. Тэгээд энэ юунд хэрэгтэй юм бэ гэж та асууж байна уу? Хувийн сургуульд. Учир нь ийм охидын 80% нь хувийн сургуульд сурдаг байна. Ямар ч байсан ахлах ангиадаа.
Тусгайлсан хэрэгцээтэй хүүхдийн, онцгой авьяаслаг хүүхдийн, IQ өндөртэй хүүхдийн; шашинд нэг их шахахгүй боловч сүмийн дэргэд ажилладаг, эсвэл Монтессори мэтийн тусгай өөрийн арга барилтай сургууль гээд янз бүрийн хэлбэрийн хувийн сургуулиуд байдаг. Сургалтын зардал нь жилдээ 12- 25 мянган доллар болно. Ахлах ангид өөр л дөө. Тэд бол сайн коллежид бэлдэх зориулалттай, голдуу дотуур байртай зохион байгуулагдсан байдаг. Морин спорт, усанд сэлэх, бүжиг гэх мэт зүйл байна. Математик болон гадаад хэл байлгүй яахав. Сургалтын зардал нь коллежтой ойролцоо 50 мянга хүрнэ.
Хүүхдийг голчлон эдийн засгийн бодлогоор хувийн бага сургуульд өгдөг. Энэ хачин сонсогдож байгаа байх. Энд хүүхдээ өгснөөр эцэг эх нь тааруу сургуультай дүүрэгтэй харьцуулахад арай дөнгүүр байранд амьдрах болдог. Гэхдээ улсын сайн сургууль хувийнхаас илүү гэдэг нь илэрхий байдаг. Баячуудын хувьд бол ойлгомжтой. Төсөв сайн байх нь зөвхөн сайн тоноглогдсон, нэмэлт дугуйлан байгаад зогсохгүй, энд өөрийн ажил хөдөлмөрөө үнэлдэг багш нар ажилладаг.

Гурван өдрийн өмнө…
Бид сургууль уруу явж байв. Есөн настай, гуравдугаар ангийн хүү бид хоёр л доо.
—Хүү минь, чамайг арай эрт авна гэж багшид чинь бичихээ мартчихаж. За яахав, би өөрөө л хэлэхээс, за юу?
—за за.
—Чиний өдрийн хоолны мөнгө аль хэр үлдсэнийг гуанзнаасаа асуугаадахаарай…
— За хэмээн бодлогоширонгуй цонхоор харангаа толгой дохиод тэгснээ гэнэт "ээжээ би хэзээ англи хэл бүрэн сурах бол? гэж асуув.
— Би яаж мэдэх вэ дээ, Андрюш. Чи өөрөө юу гэж бодож байна даа?
— Мэдэхгүй, би анзаарч байсангүй....
Анзаараагүй нь үнэн л дээ. Сургуульд сурах нь хүнд хөдөлмөр бус харин ч сонирхолтой зүйл учраас юм болов уу? Магадгүй л юм. Түүний үзэг, харандаагаар бичиж байгаа нь үнэхээр тааруухан гэдгийг хэлэх юм байна шүү.  
Ц.Даланцагаан

Ангилал: Бусад | Хичээл нэмсэн: Xopboo (2011-02-09)
Үзсэн: 1982 | Сэтгэгдэл: 2 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 21 2 »
avatar
1 Byamba • 5:35 PM, 2011-05-19
Goyo yum baina. Bid suraltsah ih yum baina daa
1-1 2-2
ComForm">
avatar