Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Үлгэр » Монгол ардын үлгэр |
Эрдэм сурсан хүү
Эрт урьд цагт ганц хүүтэй өвгөн эмгэн хоёр байжээ. Гэтэл хүү нь нэг өдөр
гэнэт мэдээ чимээгүй алга болчихож гэнэ. Эцэг эх хоёр ганц хүүгийнхээ
хойноос санаагаар унаж үргэлж асууж сурагласаар байсан боловч огт сураг
гарсангүй. Гурван жилийн дараа хүү нь гэнэт ороод ирж гэнэ. Эцэг эх хоёр
бөөн баяр болжээ. - Миний хүү гурван жил хаагуур хаагуур явж юу юу үзэж сурч ирэв? гэж асуужээ. Хүү, - Би гурван жил олон газраар явлаа. Гурван зүйлийг сурлаа. Эхний нэг жилд нь үсэг бичиг сурлаа. Хоёр дахь жилд нь дуу дуулж хөгжим дарж сурлаа. Гурав дахь жилд нь шатар тоглож сурлаа гэж ... хэлжээ. Ингээд гурвуулаа хуучин ёсоороо амьдран суужээ. Нэгэн өдөр хэсэг аянчин явж байгаад тэр айлын ойр ирээд бууж үдлэв. Нөгөө хүү тэр аянчин дээр очиж үзвэл нэг том ноён явж байна гэнэ. Хүү ноёны амар мэндийг мэдээд, - Ноён та хаа хүрэхээр морилж явна? гэж асуужээ. - Би алс холын нэг гүрний эзэн хаантай очиж уулзахаар явж байна гээд, - Чи энд юу гэж ирэв ээ? гэж хүүгээс асуужээ. - Би худалдаа хийхээр явж байна гэж хүү хариулжээ. - Чи юуны худалдаа хийх юм бэ? гэж ноён асуужээ. - Би өөрийгөө худалдана гэж хүү хариулжээ. - Тэгвэл чиний бие ямар үнэтэй юм бэ? - Миний бие нэг тулам алтны үнэтэй гэж хүү хариулжээ. Ноён "Энэ муу хүү намайг алт мөнгөгүй гэж басамжилж байна. Үүнээс сүүлд хариугаа авна” гээд нэг тулам алт аав ээжид нь өгөөд нөгөө хүүг тулманд хийж нэг бичиг бичиж толгойных нь үсэнд уяад туламныхаа амыг үдээд "Манайд аваачиж тушаа” гээд хоёр зарлагаар явуулжээ. Тэгээд хоёр зарлага хүүг аваад буцаад явжээ. Хүү замдаа тулман дотор хачин сайхан дуу дуулж явж гэнэ. Хоёр зарлагын сэтгэл уярч өрөвдөөд туламнаас нь гаргаад ил авч явах болжээ. Гурвуул явсаар нэг их зэгстэй голын дэргэд үдлэжээ. Хүү тэр зэгснээс нэгийг авчирч лимбэ хийгээд гайхамшигтай сайхан лимбэдэж гэнэ. Хоёр зарлага чагнасаар байгаад унтчихжээ. Энэ завсар хүү үсэндээ байгаа бичгийг авч үзвэл "Үүнийг шоронд хийгээд намайг очтол сайн цагдаж байгаарай” гэсэн байжээ. Түүний нь аваад оронд нь "Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэж бичээд үсэндээ уячихжээ. Тэгээд өнөөх хоёр зарлага сэрээд хүүг дагуулан цааш явсаар ноёны гэрт ойртохын үед хүүг тулманд нь хийж үдээд аваачиж захирагчид нь тушаажээ. Захирагч нь тулмыг ханзалж үзвэл нэг залуу хүү гарчээ. Түүний үсэнд байгаа бичгийг үзвэл "Үүнийг манай гэрт суулгаж сайхан хоол өгч дураар нь байлгаж сайн асарч бай” гэсэн байжээ. "Тэгээд тулманд хийж явуулдаг нь яаж байгаа юм бол? Хүнд үзүүлэхгүй чухал хүн байсан юм болов уу?” гэж элдвийг бодсоор ноёны хатан өнөөх бичгийг нь аваачиж үзүүлээд хүүг ноёныд суулгажээ. Хүү ноёны гэрт янз бүрийн сайн хоол хийлгэж идээд дураараа суудаг болжээ. Ажиглавал баруун хамар дээр нь ер хүн гарахгүй бололтой юм гэнэ. Нэг өдөр нэг хүнээс хүү, - Энэ баруун хамар дээр яагаад хүн гардаггүй юм бэ? гэж асуужээ. - Энэ баруун хамрын цаад талд нэг их шатарчин айхавтар хааных байдаг юм. Тэр хаан өөртэйгээ шатар тоглоод хожигдсон хүний толгойг авдаг юм гэж нөгөө хүн хэлжээ. Үүнийг сонсоод хүү "Би нэг жил шатрын сургууль хийж шатар сурсны хэрэг юу билээ. Энэ хаантай нэг нүүгээд үзье. Ер нь энд удаж байж бүтэхгүй байх” гэж бодоод нэг өдөр баруун хамар дээр гарч гэнэ. Гэтэл тэр хааны манаач нар нь барьж аваачаад хаантай уулзуулжээ. - Чи юу гэж энэ зүүн хамар дээр гарч ирэв? гэж хаан асуужээ. - Би эндэхийн хүн биш учраас гардаг гардаггүйг мэдсэнгүй, зүгээр хэсэж явтал танайхан барьж авчирлаа гэж хүү хэлжээ. - За тэгвэл хоёулаа шатар тавина даа. Хожигдвол толгойгүй гэж мэдээрэй гэж хаан хэлжээ. - За би ч шатар мэддэггүй дээ гэж хүү хэлжээ. - Мэдэх, мэдэхгүй хамаагүй гэж хаан хэлээд шатраа аваад ирж гэнэ. - Тоглож байгаа юм болохоор хэн хожигдсон нь адилхан л шийтгэлтэй байна биз дээ? гэж хүү асуужээ. Хаан, - Чи хожих заяатай төрсөн бол тэр хожсон үед чинь болъё гэж гэнэ. - Үгүй, тусгүй. Тоглоом болохоор урьдаас сайн болзож тогловол дээр гэж хүү хэлжээ. - Чи тэгээд яах гээд байгаа юм бэ? гэж хаан уурлаж гэнэ. - Та намайг хожигдвол толгойгүй гэсэн шүү дээ. Та хожигдвол бас л толгойгүй болох ёстой. Энэ бол тоглоомын мөрий болохоос биш хаан төрийн хууль биш шүү дээ. Хэрэв ингэж тогтвол цаасан дээр биччихээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тоглоё гэж гэнэ. Хаан "Энэ муу хүү байтугай нэртэй сайн шатарчин намайг хождоггүй юм чинь. Энэ намайг яаж хожих вэ дээ. Нэгэнт хожихгүй юмыг юу ч гэсэн яах вэ” гэж бодоод, - За яах вэ, чиний хэлснээр болъё гэж хэлээд бичээчээ дуудаж "Бид хоёрын хэн хожсон нь хожигдсоныхоо толгойг авна” гэж бичүүлээд дэргэдээ хоёр сэлэм тавиад тогложээ. Эхлээд нэг тавьсанд хэн нь ч дийлсэнгүй тэнцжээ. Гэтэл хааны царай хачин болж их л тэвдэж байх шиг болж гэнэ. Дараа нь нэг тоглоод хүү хожоод хэлэлцээр ёсоор хааны толгойг тас цавчжээ. Хааны түшмэлээс эхлээд хавь ойрын нь амьтад тэр хүүд их баярлаж гэнэ. Тэр хаан өдөр бүр нэг хүнтэй заавал шатар тавьж толгойг нь авдаг байсан учраас ойр хавийн хүн амьтан маш их дургүйцэх болсон юмсанж. Энэ үед нөгөө алс хол явсан ноён нь иржээ. Үнэндээ тэр ноён энэ аюулт хаанаас зугтааж явсан байжээ. Ийм учраас тэр ноён хүүг шийтгэх байтугай адуу мал, эд хөрөнгө тэргүүлэн их зүйлээр шагнажээ. Хүү гэртээ буцаж ирээд аав ээжтэйгээ уулзан амар сайхан жаргажээ. | |
Үзсэн: 30086 | Сэтгэгдэл: 4 | Үнэлгээ: 3.9/8 |
Нийт сэтгэгдэл: 4 | 1 2 3 » |
| |
1-1 2-2 3-3 | |