Хичээл
Нүүр хуудас » Хичээл » Монголын түүх » 9 - н өрлөг |
Чингис хааны өрлөг баатрууд
Хан хүмүүний есөн их бэлгийн нэг нь "Түшиг сайн өрлөгүүд” хэмээн "Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх”-нээ өгүүлжээ. Чингис хаан нэгэн удаа "Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн нохдоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авч, хатгалдах өдөр болбоос Жүрчидэй, Хуйлдар хоёрыг Урууд, Мангудтайгаа урдаа байгуулваас бүгд сэтгэлээ амруулах бөлгөө би” хэмээсэн гэж "Монголын нууц товчоо”-нд бичсэн буй. Үнэхээр ч төрийн итгэлт түшээ баатад, ноёдгүй байх аваас хэдий аугаа ч гэлээ ганц хаан юу болохсон билээ. Өөрөөр хэлбэл цэргийн ноёныг шалгаруулах эн тэргүүний шалгуур нь цэргийг удирдан зохион байгуулах чадвар, одоогийн хэлээр бол даргалах (даргархах бус) авьяас чадвар байжээ. Хаантан: "Арван хүмүүнийг байлдаанд зохих ёсоор засан тулалдаж чаддаг хүнд мянгат, түмтийг ч өгч болно. Тийм хүн тэднийг ч байлдаанд удирдаж чадна” хэмээн зарлиг болсон гэж "Судрын чуулган”-д өгүүлжээ. Тиймээс түүний цэрэг ард хэн ч бай, гарал үүслээсээ үл хамааран гагцхүү авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ шалгарч, эзэн хаандаа үнэнч байваас ямар ч албан тушаалд томилогдох боломжтой болсон ба эл зарчмыг төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьсан нь тухайн үед өөр хаана ч байгаагүй шинэлэг зүйл байсан бөгөөд цэрэг ардыг албандаа үнэнч зүтгэхэд нь чухал нэгэн хөшүүрэг болж байсан нь дамжиггүй. Цэргийн ноёныг сонгох өөр нэг шалгуур нь агсаддаа хүн ёсоор хандаж, тэдний зовлон жаргалыг бие сэтгэлээр мэдэрдэг байх чанар” байв. Чингис хаан нэгэн гайхамшигт бодгаль баатар эрийн тухай өгүүлэхдээ: "Есүнбай лугаа адил баатар эр байхгүй, тийм авьяастан ч үгүй! Гэхдээ тэр бэрх аянд зүдэрдэггүй, өлсөж, цангахыг ч тоодоггүй болохоороо хамт буй бусад бүх хүн, нөхөд, дайчдаа өөртэйгээ адилхан аяны хүндийг даадаг гэж боддог. Гэтэл тэд нь аян замын бэрхийг тийн даах хүчин мөхөс бөлгөө. Ийм болохоор тэрбээр цэргийн ноён байж таарахгүй. Гагцхүү өлсөх, цангах гэж юу болохыг мэддэг, түүгээрээ бусдын байдлыг жишиж мэдэрдэг л тэгээд аян замд цэргээ өлсгөж цангаадаггүй, морь малаа турааж тамирдуулахгүй байлгаж чаддаг, тийм тооцоотой явдаг хүнийг л зөвхөн цэргийн ноён болгож болно” хэмээсэн байна. Энэ бол эгэл жирийн мэт авч хамгийн зөв зохистой шалгуурын нэг байсан бөгөөд аливаа шатны дарга, захирагчийг томилохдооодоо ч санаж явах ёстой чухал зүйл гэдэг нь ойлгомжтой. Энэ мэт бодит амьдралаас урган гарч, Их хаантны дэвшүүлэн тавьсан шалгууруудыг даван гарсан монгол цэргийн ноёдын дотроос үе хэтийдсэн өрлөг баатрууд олон төрөн гарсан билээ. Тэдний нэг нь Сүбээдэй баатар. Тэрбээр Чингис хааныг Хорезм буюу Сартаулын шахтай дайтах үед Зэв ноёны хамт анх Кавказыг давж, өрнө зүг хүлгийн жолоо хандуулан перс, түрэг, алан, армян, гүрж, орос, болгар, башкир, кибчакийн нутгаар довтолгон хурдавчилсан аяныг хийсэн нь дэлхийн цэргийн урлагийн түүхнээ "хосгүй гайхамшигт аялан дайлалт” хэмээн тооцогдох болсон билээ. Бат хааны удирдсан монгол цэрэг орос, кибчаг болон польшоор дайрч, хүчирхэг рыцариудыг хүртэл бут цохин Унгарыг эзэлж, Адриатын тэнгис хүрсэн их аян дайныг төлөвлөж, удирдан гүйцэтгэгчийн нэг нь мөн л Сүбээдэй баатар байв. 1232 оны эхээр монгол цэрэг хятадын Жиян Зэү хотыг дайлж, цэргийн ноёдыг нь баривчилсанд Алтанулсын ахалсан сайд Ван ян Хад гэгч Сүбээдэй баатрыг биеэр уулзуулж өгөхийг хүсчээ. Сүбээдэй түүнтэй уулзваас Хад: "Таныг тэнгэрээс заяасан баатар эр хэмээсэн нь үнэн ажээ. Эдүгээ таныг олж үзэв. Би одоо нүд анин үхсү” хэмээсэн гэдэг. Дайснаа хүртэл ийн бишрүүлэх нь гагцхүү аугаа баатрын, ховорхон тохиох сүр хүчин болой. "Чингис хаан, Сүбээдэй баатар хоёртой стратегийн ур чадварын хувьд зөвхөн Наполеон л эн зэрэгцэж чадна” хэмээн цэргийн нэрт түүхч Лиддел Харт өгүүлсэн бол орчин үеийн судлаач Ричард А.Габриэл "Түүнтэй (Сүбээдэйтэй) тактикийн гайхамшигаараа гагц Ханнибал, Скипио хоёр л эгнэх агаад стратегчийн хувьд тэрбээр Македоны Апександр, Цезарь хоёртой л эн зэрэгцэх их жанжин”хэмээн өгүүлсэн байдаг. Сүбээдэй баатар лугаа адил тэр цагийн дорно, өрнийхний сайн мэдэх болсон өрлөгүүдийн нэг нь Зэв. Монголын түүх сударт Зэвийн нэр гол төлөв Сүбээдэйн өмнө бичигддэг нь цаанаа учиртай биз. Түүний уг нэр нь Зэв бус Зургаадай, Тайчиудын Бэсүд овгийн залуу баатар. "Хүйтний байлдаан” хэмээн түүхэнд тэмдэглэсэн 1202 оны нэгэн тулалдааны төгсгөлд тэрбээр Чингис хааныг харваж сүйдлэх дөхсөн эр. Байлдаанд Чингис хааны цэрэг ялж, түүнийг олзолсон бөгөөд хаантан түүнээс "Миний зэвлэх (байлдааны) ам цагаан хулын аман нурууг нь хэн хуга харвав?” хэмээн асуусанд "Уулан дээрээс би харвалаа. Өдгөө хаан үхүүлвээс алганы төдий газар үхэж хоцорсу. Соёрхогдвоос хааны өмнө цээл усыг цалгитал, цэгээн чулуу хагартал довтолж өгсү” гэжээ. Эл чин зоригт үгийг сонсоод Чингисхаан: "Дайсан болж байсан хүмүүн алсан, дайсагнаснаа нууж, үгээ буцах ажгуу. Энэ хэлснээс үзвэл алсан, дайсагнаснаа үнэн мөнөөр заан хэлэх буюу. Нөхцөлт (нөхөрлөж болох шударга) хүмүүн буюу. Зургаадай нэрт ажгуу. Мөн зэвлэх ам цагаан хулын минь аман нурууг харвасны тул Зэв гэж нэрлэж Зэв болгоё чамайг” хэмээгээд "Дэргэд минь яв!” гэж зарлиг болжээ. (Монголчууд байлдааны хуяг нэвтлэгч сумыг "Зэв” гэдэг). Үүнээс үзвэл Чингис хаанаас цэргийн ноёдоо шалгаруулж асан бас нэгэн шалгуур нь "чин шударга зан, баатар зориг” байж. Түүнээс хойш Зэв ноён Чингис хааны шадар нөхдийн нэгэн болж, олон удаагийн байлдаанд ганц ч ялагдаж үзээгүй бөгөөд түүний удирдсан байлдаан, тулалдаанууд нь Чингисхааны цэргиин урлагиин түүхэнд ч ур чадвараараа ялгаран, томоохон байр эзэлдэгийг өрнө, дорнын түүхчид тодруулан тэмдэглэсэн нь цөөн бус. Өрнө дахинаа Зэв, Сүбээдэйг илүүтэй мэддэгч хаан эзэндээ туйлын үнэнч байхын үлгэр болдог байсан агаад "Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр гагцхүү "Сэтгэлийн хүлгээр нөхөрлөсөн”, үнэхээр огтхон ч илүү хардаггүй, амиа хоохойлдоггүй дайчин нөхөд байжээ. Боорчу бол Тэмүжиний багын нөхөр агаад анх найман шарга морьдоо дээрэмдүүлээд ганцаар нэхэн явах замд нь учирч, харамгүй их тус болсон. Гурван мэргид довтлон ирж Бөртэ үжинийг нь булаахад ч хамт зоволцон байж. Бурхан Халдунд гурвантаа бүслэгдэх үед нь Зэлмийн хамт дэргэдээс нь үл салан хамгаалж байв. Зэлмэ гэхэд Тайчуудын Аучу баатрын цэрэгтэй Ононы хөвөөнд тулалдсан байлдааны үеэр Чингис хааныг шархдахад бусад хүнд үл итгэн өөрөө сахиж, хагсаж бүхий цусыг нь амаараа шимж, хааныг алжаах буй хэмээн холдож ч чадалгүй шимсэн цусаа хажуудаа асгаж, залгихыг залгисаар амийг нь аварч байв. Тэр үеийн нүүдэлчид сумандаа хор түрхэн харвадаг байсан учраас тэрхүү хор нь цусанд нэвчин орвоос туйлын аюултай байдаг учраас Зэлмийн тэрхүү үйлдэл нь өөрийнх нь аминд ч хүрч мэдэх амь золисон үйлдэл байв. Тэгээд ч зогсохгүй ухаан сэргэсэн Чингис хааныг "Би ундаасаж байна” гэхэд нь уух юм олж өгөхөөр дайсны хүрээн дунд баригдахаас үл эмээн ганцаараа орж, бүрсэн тараг олж ирж, хаантныг ундаалж байсан нь мөн л чин үнэнч хийгээд аймшиггүй зоригтой, овжин ухаантаин жишиг гэлтэй. Наяа ноён гэвээс анх тайчуудаас салж, аавынхаа хамт Чингис хааныг зорин ирэхдээ өөрийн эзэн Таргудай Хирилтугийг амь дүйн барьж авч явсан боловч "хан эзнээ тийн дайсанд нь хүргэх зохисгүй үйл” хэмээн сэтгэж, зам зуураасаа суллан тавьж байсан хүмүүн. Чингэснийг нь харин хаантан ихэд таашаан "Тус хан эзнээ тэвчин ядсан их ёс төрийг сэтгэжихүй!” хэмээн сайшааж байжээ. Наяагийн шулуун шударга зан чанар, цэрэг захйрах авьяас чадвар олон удаагийн дайн тулалдааны явцад нотлогдсон учир Чингис хаан түүнийг Их Монгол Улсын "Төвийн түмний ноён”-оор томилжээ. Чингис хааны хөвгүүн Зүч, Цагаадай, Өгөөдэй, Тулуй нар ч цэргийн гарамгай ноёд байлаа. 1206 онд Их Монгол Улсыг байгуулах үед мянганы ноёноор томилогдсон 95 хүн цөм хэн нь ч хэнээсээ дутахааргүй шалгарсан ноёд байв. Ер нь Чингис хаан цэргийн авьяаслаг ноёдыг сонгон олох "нүдтэйгээс” гадна аравтын ноёноос эхлэн түмний ноён хүртэл цэргийн даргалах бүрэлдэхүүнд нэгэн ижил хатуу шаардлага тавьж, тэднийг сурган боловсруулахад ихээхэн анхаарч байсан нь цагийг эзэлсэн суу билэгт өрлөг баатрууд төрөн гарахнөхцлийг бүрдүүлж байжээ. Тэрбээр цэргийн хүн хэн ч бай эн түрүүнд хаан эзэндээ үнэнч шударга зүтгэх, хууль дүрэм, цэргийн цаазыг ягштал биелүүлж, хатуу чанд сахилгатай байх, олзонд үл шунах, цэргийн эрдэм төгс, тэсвэр тэвчээртэй байхыг шаардаж, бие даах чадвар сайтай байхыг онцгойлон үздэг байв. Чингис хаан цэргийн ноёдынхоо ур чадварыг дээшлүүлэх талаар сургалтын янз бүрийн хэлбэр ашигладаг байсны нэг нь ноёдын чуулган юм. Жил жилийн эхэн ба төгсгөлд эл чуулганаар сургалт, байлдааны бэлтгэл болон засаг захиргааны бусад ажлаа дүгнэн цэгнэж, дараагийн зорилгоо дэвшүүлэн, хааны цааз зарлигийг сонсгодог байжээ. Тиймээс энэ ажлыг Чингис хаан онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж "Жилийн эхэн ба адагт ирж бидний санаа бодлыг сонсож байдаг түмт, мянгат, зуутын ноёд л цэргийг захирч чадна. Гэртээ хоцорч бидний санал бодлыг эс сонсогсод усанд хаясан чулуу, хулсанд буусан сум мэт үгүй болно. Тийм хүмүүн цэрэг захирч үл болно” гэж зарлиг буулгасан байна. Чингис хаан олон жилийн дайн байлдааны практик, цэргийн байгуулалтын туршлагадаа тулгуурлан цэрэг, ноёдоо энэчилэн системтэй сургаж чадсаны үр дүнд дэлхий дахинаа суу алдраа дуурсгасан цэргийн гайхамшигт олон ноёд, баатрууд төрөн гарсан билээ. Доктор, професор Ж. Базарсүрэн Эх сурвалж: "Соёмбо” | |
Үзсэн: 10679 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 3.5/6 |
Нийт сэтгэгдэл: 0 | |