Ням, 2024-12-22, 9:43 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Технологийн сан

Монгол бөхийн гараа, дэвээ, шаваа, өмсгөл хичээл
Жаргалант сумын биеийн тамирын багш 
Э. Алтанцоож - 40 минутын хичээлийг оруулав
 
Үндэсний бөхийн барилдаан нь олон зуун жилийн түүхэн уламжлалтай, үндэсний шинж чанарыг агуулан хөгжиж ирсэн гүн гүнзгий утга учир дэг жаяг бүхий наадмын нэг төрөл юм. Монгол овогтны бөхийн барилдааны түүхэн хөгжилд:
· Монголчуудын бух барилдаан
· Халх бөхийн барилдаан
· Өвөрмонголын барилдаан гэж байсан бөгөөд эдгээр барилдаанууд нь адил төстэй болон ялгаатай зүйлүүдтэй.
Адил төстэй зүйлүүд нь:
  • Бөхчүүдийн өмсгөл
  • Дэвээ шаваа
  • Бөхийн засуул, хөлийн цэц
  • Барилдах талбай
Ялгаатай зүйлүүд нь:
Бөхийг унасанд тооцох хэлбэрүүд нь өөр. Тухайлбал:
· Бух барилдаанд-далаар нь шороодуулан хөдөлгөөнгүй дарах
· Халх барилдаан  - толгой, өвдөг, тохой, бүх биеэр шороодуулах
· Өвөрмонгол барилдаан – хоёр гар газарт хүрэх буюу өвдөг тохой бүх биеэр шороодуулах
 
Монголчууд хэн нэгэн барилдсан, ноцолдсон хүнийг бөх гэж нэрлэж байгаагүй. Харин эрүүл чийрэг, хүч тэнхээ ихтэй, хурц хараатай, бусдын мэхийг хариулж чаддаг, ов мэхтэй, залирхаг хурдан шаламгай, эцэж цуцахгүй, биеийн гадаад үзэмжээр бахдам барилдааны дэвэлтийг үзэсгэлэнтэй сайхан хийдэг, эрдэмд чадалтай барилдаачдыг нэрлэдэг.
Гараа дэвээ шавааны тухай
          Монгол бөхчүүд эрт дээр үеэс Гарьд, Бүргэд, Харцага, Шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэн барилдахын өмнө гараа ба дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхланг харуулахын зэрэгцээ бие халаалт нь болдог байна.
Гараа нь: Бөхчүүд барилдааны талбайд гарахдаа гуяны өвөр талд 2, ард нь нэг удаа алгадаж гардаг. Энэ нь морь, сур, бөх гэсэн эрийн гурван наадмын утгыг илэрхийлж буй бөгөөд барилдахын өмнө гуяны өвөр, ар талд нэг нэг удаа алгадах нь хоёулаа хүчээ үзье гэсэн утга юм.
Шаваа нь: бөхчүүд дэвэлтийнхээ төгсгөлд нар зөв эргээд 2 хөл дээрээ хагас сууж гараа алдлан баруун зүүн тал руугаа цээжээ хагас эргүүлэн өөрийн сурсан шавалтыг хийнэ. Шавалт нь нисэж ирсэн шувуу буухдаа далавчаа хумьж байгааг дүрслэн гуяны дотор гадна тус нэгэнтээ алгадан учираа бөхийнхөө зүг эргэнэ.
Бөхчүүдэд цол олгох: Манай эрины YIII зууны үед бөхийн цол, гуншин үүсэж, XIII зууны дунд үеэс одоогийн хэрэглэж начин, заан, арслан зэрэг араатан амьтны нэрээр цолыг өгдөг байснаа 2004 оноос 5 даваанаас эхлэн даваа бүрд дараах цолыг олгож байна.
          5 давсан бөхөд                Улсын начин цол
          6 давсан бөхөд                Улсын харцага цол
7 давсан бөхөд                Улсын заан цол
          8 давсан бөхөд                Улсын гарьд цол
          9 давсан бөхөд                Улсын арслан цол
          Түрүүлсэн бөхөд               Улсын аварга цол өгдөг.
Улсын болон аймгийн наадамд анх удаа түрүүлсэн бөхөд арслан цол, арслан цолтой хүн дахин түрүүлбэл аварга цолыг, аварга цолтон түрүүлбэл далай аварга, далай аьарга цолтон түрүүлбэл даян аварга, даян аварга цолтон түрүүлбэл улсын дархан аварга цол олгодог журамтай.
    Улсын наадамд: 
                  Ам авалтын гурвын даваа
                  Цол чимэг хүртэлтийн тавын даваа
                  Цол ахиулалтын долоогийн даваануудад зүүн ба баруун талын тэргүүн дээд магнай бөхчүүдийн цолыг дуудна.
Үзүүр түрүү булаацалдахаар гарч байгаа бөхчүүдийн гараанаас гарахад баруун зүүн талын засуулууд араас нь их хүч чадалтай бөхчүүд гарсныг
илтгэн ханаран унах хэлбэрээр сөхөрч суун хүндэтгэл үзүүлдэг.
Монгол бөхийн өмсгөл.
Монгол бөхийн өмсгөл нь монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм.
Өмсгөл нь барилдааны эрхэм ёсыг гүйцэтгэх мэхийн барьц хангах бөхчүүдийн хүдэр бие галбирыг харуулах барилдааны арга бүхий бүтээлийн нэг төдийгүй, барилдаагүй цагт өнгийг нь дотор нь хийж эвхэн хүндэтгэлтэй байранд нандигнан хадгалдаг жамтай.
Монгол бөхийн өмсгөлд:
 
  • Дөрвөн талт жанжин малгай
  • Зодог шуудаг
  • Нөмрөг
  • Ээтэн хоншоортой монгол гутал орно.
Малгай: Утга төгөлдөр агуулга бүхий жанжин малгайг газар тавилгүй өмсөж засуулууд гартаа залан өргөн барьдаг. Малгайны 4 тал нь монголын 4 аймгийг, орой дээрх зангидмал сампин нь шавь 5 газрыг төлөөлүүлэн бүтээсэн бөгөөд 1995 оноос 4 талт малгайг улаан залаатай болгож түүн дээр шар өнгийн туузаар наадамд гаргасан амжилтыг тэмдэглэж малгайг 4 талд нь аварга, арслан, заан, начин цолыг илтгэн харуулсан хүчитнүүдийн дүрсийг мөнгөөр сийлэн хийсэн онцлох тэмдэгтэй болжээ.
Залаа: Залаа нь үндэсний бөхийн барилдаанд гаргасан амжилтыг илтгэн харуулна. Хөндлөн “шар” туузыг дүрэмд заасан хэмжээний дагуу залаан дээр хөндлөн хадна.
Зодог шуудаг: Монгол бөхийн зодог нь “саран” ба “уутан” хэлбэрийн гэсэн 2 янзын эсгүүртэй. Зодог шуудгийг зөөлөн торгомсог эдлэлээр эсгэж, мяндсан утсаар ирмэглэн шидэж шуудагны гуяны хэсгийг зөөлөн сур буюу арьсаар сүлжэж ханцуйны уяаг мяндсан утас хадгаар хийнэ. Зодогны элэг бүс нь хүч чадал, арга мэх, зориг самбаагаар хүчирхэг байх утгыг агуулна. Өнөөгийн бөхчүүд гол төлөв хөх улаан 2 өнгийн зодог шуудгийг эрхэмлэн хэрэглэж байна. Монголчууд тэнгэр, газар, уул, усаа шүтэн өнгөний билэгдлийг эрхэмлэж бөхчүүдийнхээ зодог шуудгийг дараах өнгөөр хийдэг байжээ.
Үүнд:           Хар зодог               Улаан шуудаг
                   Шар зодог              Ногоон шуудаг
                   Хөх цэнхэр зодог    Улаан шуудаг
                   Улаан зодог           Цэнхэр шуудаг…. Гэх мэт.
Нөмрөг: Бөх барилдахаар гарч ирж буй зүүн баруун
талын том цолтой магнай бөхчүүд нөмрөг нөмөрнө.
Зүүн талын магнай бөх цэнхэр, баруун талын магнай бөх улаан нөмрөгтэй байх бөгөөд нөмрөг нь улаан, ягаан, хөх, цэнхэр, нимгэн, торгомсог эдээр хийгдсэн өргөн нарийн эмжээр бүхий хошмогтой, дугуй тойрог захтай, урд тал нь задгай, ханцуйгүй, элэг бүс нь мяндас, хадаг болон бусад зөөлөн эдийн аль нэгээр хуруунаас нарийнгүйгээр бөөрөнхийлэн хийгдэнэ.
Гутал: ээтэн хоншоортой монгол гутал нь бөх бат , эдэлгээ сайтай, алив юманд тээглэж бүдрэхгүй, монгол бөхийн мэх хийхэд нэн тохиромжтой, барилдах явцад холхин сугарахаас болгоомжлон гутлын түрий оймс 2-ын завсар хулс буюу уян модоор хавчаар хийж халтирч гулсах, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлж улам бат суурьтай болгох үүднээс хүлэг боолтыг хэрэглэнэ. Гутлын түрийнээс дээш гарсан хэсгийг хараа гэнэ. Харааг сарьсаар хээ угалз хатган гоёж урлана.
 
Хичээлийг заасан арга барил
Үндэсний бөхийн гараа, дэвээ, шава, засуул зэрэг ойлголтыг сурагчдад ойлгуулах
Хичээлийг заахын тулд, Охидуудад дэвж шавах бэрхшээл тулгардаг учир охидыг тараах материал болон хөвгүүдийн хийж буй гүйцэтгэлийг харж засуулын үүргийг гүйцэтгэж энэ хичээлийн чадваруудыг эзэмшүүлэх нь зүйтэй юм. Ингэснээр үндэсний соёл үндэсний бөхийн гүн гүнзгий мэдлэгтэй болж байгаа юм.
Ангилал: Технологийн сан | Хичээл нэмсэн: Xopboo (2015-06-14)
Үзсэн: 4132 | Сэтгэгдэл: 1 | Tags: гараа, дэвээ шаваа, Монгол бөх | Үнэлгээ: 5.0/1
Нийт сэтгэгдэл: 1
avatar
0
1 Xopboo • 0:07 AM, 2016-04-04
Сайхан хичээл болжээ.
ComForm">
avatar