Пүрэв, 2024-03-28, 4:42 PM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Бусад

Хүүхдийн төлөвшилд багшийн нөлөөлөх үүргийг дээшлүүлэх нь
Нэгэн гүн ухаантан "Хүн төрдөг юм биш ээ. Буй болдог юм. Миний бүх амьдрал, ний нуугүй хэлэх юм бол, ердөө л төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явц юм” гэж хэлжээ. Хүн төгсгөл хязгааргүй хүмүүжих үйл явцдаа хүн болж төлөвшдөг байна. Хүүхдийг зэрлэг араатан хүмүүжүүлж, дөрвөөс дээш жил болбол хүн дүрстэй амьтан болж хувирна. Ийм хүн дүрстэй амьтан буюу Мауглийн тухай уран зохиол, хүүхдийн кино бишгүй бий. Хүнийг амьтан болгон хувиргаж чаддаг энэхүү ид шидтэн нь хүмүүжил билээ. "Хүмүүжил бол аугаа их үйл хэрэг. Түүгээр хүний хувь тавилан шийдэгддэг”. Монголчууд хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж ярьдаг нь туйлын гүн учир утгатай үг.

"Хүний хүмүүжил түүний төрсөн цагаас эхэлдэг. Нялх хүүхэд хэдийгээр ярихгүй, сонсохгүй байдаг ч гэсэн, аль хэдийнээ суралцаж эхэлдэг. Туршлага сургалтаас өмнө буй болдог” гэж нэрт сэтгэгч хэлсэн байна. Хүүхдийн хүмүүжилд хамгийн гол хүмүүс бол эцэг, эх. Бүх аав, ээж хүүхдээ шилдэг сайн хүн болоосой гэж хүсдэг, үүний төлөө чадах бүхнээ зориулдаг. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ айлгах, дураар нь тавих хоёр туйлыг сонгож ашиглах нь элбэг. Хүүхдийг айлгаж хүмүүжүүлнэ гэдэг нь сайн арга ерөөс биш.

Хүүхдүүдийг айлгах замаар тэдэнд зөвхөн жигшүүрт муу чанар, бялангач зан, хулчгар шинж, эрх тушаал хөөцөлдөмтгий байдлыг төлөвшүүлнэ. "Номхотгох, дарангуйлах, хүчирхийлэх замаар олдсон бүхэн хэврэг хуурамч бөгөөд найдваргүй байдаг”. Хүүхдийг хэт их эрхлүүлж, эрх дураар нь байлгаад байвал хосгүй сайн хүн болчих юм шиг төөрөгдөл зарим эцэг, эхэд бий. Энэ бас зөв арга биш. "Хэрэв хүүхдүүдэд юу хүссэнээ хийхийг, дээр нь ямар нэг гайхамшигийг мөрөөдөн тэнэг зүйл үйлдэх бололцоо олгох юм бол бид хүмүүжлийн хамгийн муу аргыг хэрэглэж байгаа хэрэг бөгөөд улмаар тэдэнд аливаа муу бүхний эх сурвалж болох тэвчээргүй, биеэ тоосон, цор цор хийх муухай зуршлыг буй болгодог” хэмээн аугаа их Г.Гегель хэлсэн байна.

Эцэг, эхчүүд өөрсдийн амьдралын туршлага, үг хэл, үйл хөдлөлөөрөө үр хүүхэддээ хүмүүжлийн тулгын чулууг нь тулж өгнө. Хамгийн чухал хүмүүжлийг хүн өөрөө олж авна. Хүмүүжлийн эд эсийг бүрдүүлэгч нь багш сурган хүмүүжүүлэгчид, үерхдэг найз нөхөд, амьдардаг орчин, тоглодог тоглоом, үздэг кино, уншдаг ном. Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч байж ажилсаг, хөдөлмөрч зан чанар төлөвшинө. Сайн хүмүүжилтэй болох нь сайн боловсролтой болохын адил хүүхэд залуусын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгүй хүсэл мөрөөдөл нь байх учиртай. Сайн хүмүүжилтэй байж л сайн сайхан амьдралыг цогцлооно.

Хүмүүжлийн доголдолтой хүний амьдрал нь ч доголдолтой, ажил үйлс нь ч доголдолтой. "Хүмүүжил хүнийг өөрийг нь бүтээдэг” юм. Сайн хүмүүжилтэй хүн мэдээж сайн хүн. Сайн хүмүүжил хүнийг хальтрахад нь тулж, хазайхад нь түшиж, өндийхөд нь тусалж, өөд нь татна. Түүгээр зогсохгүй "сайн хүмүүжил нь хүнийг муу хүмүүжилтэй хүмүүсээс маш найдвартай хамгаална”.

Үг яриа бол хүмүүжлийн асар хүчтэй зэвсэг мөн. Гэхдээ сайн зүйлд үгээр хөтлөхөөс үлгэрлэж дагуулах нь илүү үр дүнтэй. Сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренко хүүхэд хүмүүжүүлэх үйлстээ үгийн ур чадварыг үлгэрлэн үзүүлэх аргатай гайхалтай хослуулж чаддаг байсан гэнэ. Тэрээр "хэцүү хүүхдүүдтэй” ажилладаг байв. Хүүхдүүд сургуульд сурахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээний төмс ногоо, жимс, жимсгэнээ тарьж, арчилж ургуулан хурааж авна.

Сургалтыг хөдөлмөртэй хослуулсан нь харж хандах хүнгүй, орон гэргүй орхигдсон хүүхдүүдэд боловсрол олгохын зэрэгцээ хөдөлмөрийн хүмүүжил төлөвшүүлэхэд онцгой хэрэгтэй ажил байжээ. Нэг удаа хэдэн хүүхэд алим боловсрох яагаа ч үгүй, түүхийгээр байхад нь нэлээдийг зулгааж авч байгаад хүмүүжүүлэгч багшдаа баригджээ. Буруу хэрэг хийсэн хүүхдүүдийг А.С.Макаренко дуудаж ухаарлын номлол сургамжаа айлддаг нь энэ сургуульд ёс юм шиг тогтсон заншил. А.С.Макаренко дээр дуудагдана гэдэг хүүхдүүдийн хувьд хамгийн хүсэшгүй зүйлийн нэг. Хэрэг тарьсан хүүхдүүд хэзээ дуудах бол гээд түгшээд хүлээгээд байж. Их удаан айж түгшин хүлээсэн боловч дуудсангүй.

Намар боллоо. Хүүхдүүд ургацаа хураалаа. Ургац хураасны дараа ургацын баяр хийж хүн бүрт ургацын дээжээсээ өгдөг уламжлалтай, хүүхдүүдийн хүсэн хүлээдэг өдөр. Өдрийн хоолон дээр хүүхэд бүрийн өмнө өөрсдийн нь хувь болох амтат жимс таваглан тавьсан байлаа. Нөгөө хэргийн эздийн өмнөх таваг хов хоосон. Бидэнд яагаад жимс байхгүй байна гээд дор бүрнээ шуугилдан гомдоллов.

Яг тэр үед нь А.С.Макаренко орж ирлээ. Та нарт яагаад жимс байхгүй байна гэв үү? Та нар өөрсдийнхөө жимсийг аль эрт хураачихсан шүү дээ гэж тэр нухацтай нь аргагүй хэллээ. Бидний ичсэн, зовсон гэдэг туйлгүй. Түүнээс хойш бид тийм буруу хэрэг дахин хийгээгүй ээ. Манай сургуульд ч ийм явдал давтагдаагүй гэж нөгөөдүүлийн нэг нь хожмоо их нэр хүндтэй хүн болоод дурсамжиндаа өгүүлсэн байна.

Миний нэг унгар найз "Тоглоомоор дамжуулан хүүхдэд техникийн сэтгэлгээ төлөвшүүлэх нь” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж билээ. Бид тухайн үедээ ямар дэмий сэдэв сонгоо вэ гэж шүүмжлэх аястай байснаа бүтээлийг нь уншаад хэчнээн чухал сэдэв болохыг нь хагас хугас ойлгосон. Тоглоомоор хүүхдийн авьяасыг нээж болно. Тоглоомоор дамжуулан хүүхдэд танин мэдэхүйн зөндөө зүйлийг таниулж мэдүүлнэ. Тоглоомоор хүүхдийн зан авирын төлөвшилтийг залж чиглүүлэх боломжтой. Хүн өөдтэй хүмүүжихийн чухал үндэс нь түүний зан авирын төлөвшилт. Тоглоом хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөөтэй. "Хүүхдийн тоглоомонд асар гүнзгий утга бий” гэж их зохиолч Ф.Шиллер хэлсэн нь зүгээр ч нэг үг биш.

Хүүхэд аливаа юмыг сайн талаас нь хардаг, ямагт гэрэл гэгээтэй талыг нь эрж хайдаг сайхныг мэдрэх мэдрэмжтэй, сайн сайхан руу тэмүүлэх тэмүүлэлтэй болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаармаар. "Сайхан мэдрэмж бүхий хүмүүжилгүйгээр өв тэгш хүнийг өсгөн бойжуулж болохгүй”.

Эх нь хүүхдийнхээ биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй гэдэг. "Хэнээс төрсөн нь бус, хэнтэй нийлдэг нь л хүний жинхэнэ мөн чанарыг тодорхойлно” гэх үг бий. Найз нөхдөөр нь чи чухам хэн бэ гэдгийг жишиж дүгнэдэг нь аль ч үндэстний нийтлэг үнэлэмж. Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болдог гэнэ. Хортой будаа ганцханыг үйхэд л хоол чинь бүхлээрээ хор болдог шиг хүн нэг л буруу зүйлд оролцоод эхэлбэл хүмүүжил нь бүхэлдээ хорлогдож болохыг мэд. "Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан” байдгийг залуу хүн бүр мэдэж байх учиртай.

Хүүхэд залуусыг зөвхөн муу занд сургахгүй байхад хүмүүжил хэрэгтэй төдийгүй бас тэднийг сайн талаар өөрчлөхөд хүмүүжил зайлшгүй шаардлагатай. "Хүмүүсийг өөрчлөхийн тулд тэднийг хайрлах хэрэгтэй. Түүнд үзүүлэх нөлөө нь тэдэнд зориулсан хайр халамжаас шууд хамааралтай байдаг”. Тэгээд ч хүмүүжлийн гол үүрэг нь хүнийг ямар ч нөхцөлд хүн байхаар бэлтгэх явдал юм. Хэчнээн хүнд сорилт шалгалт, бэрхшээл хүндрэл учирлаа ч гэсэн хүнээрээ үлдэж чадах хүн байх нь залуус та нарын амьдралдаа мөрдөх зарчим болох ёстой.

"Хүмүүс бол сайн арчилж тордохгүй бол олигтой ургадаггүй ургамал юм” гэж хэлсэн ухаантны зүйрлэл бий. Ер нь муу хүмүүжилтэй хүнийг дахин хүмүүжүүлэхээс хэцүү зүйл гэж үгүй. Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж манай өвөг дээдэс тунчиг зөв онож хэлсэн байна. Гэхдээ буруу өсгөсөн, муу хүмүүжилтэй хүн бүрийг бүрмөсөн алдагдаж гүйцсэн, тэд тэхийн эвэр тэнгэрт тулж, тэмээний сүүл газар хүрэх үед л засрах байхдаа гэж үзэж зөнд нь хаяж болохгүй.

Тэдэнд хүн ёсоор хандаж, тусалж дэмжих хэрэгтэй. Хүн өөрөө хичээж, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуулж чадах юм бол ямар ч муу зан авир, муу хүмүүжлийг засч залруулж болно. Мэдээж хэрэг тодорхой цаг хугацаа шаардагдана. Шарсан жоомыг хэвийн хоол гэж идэж дасах хүртэл хугацаа хэрэгтэй байдгийн адил юм. Хүн буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино.

Хүнийг хүмүүжүүлэхэд гардаг том, жижиг алдаа зөндөө бий. "Хүмүүжүүлэхэд гардаг хамгийн том алдаа бол залуу хүнийг бие даан сэтгэхэд сургадаггүй явдал”. Хүүхэд бүрт өөрийн гэсэн харах, бодох, мэдрэх чадвар бий. Түүнийг нь томчуул өөрсдийнхөө чадвараар солих гэж оролдох шиг мулгуу явдал байхгүй гэдэг.

Ямар ч үед, ямар ч асуудлаар алтан боломжууд хүүхэд, залуус та нарыг хүлээж байдаг гэдэгт итгээрэй. Харин алтан боломжууд та нарын нүдэнд биш, оюун ухаанд чинь харагдаж байдгийг мэдэцгээ. "Бүх бүтээлээс хамгийн гайхамшигтай сайхан нь сайхан хүмүүжил олсон хүн байдаг”. Хамгийн гайхамшигтай сайханд хүрэх боломж хүн бүрт бий. Яагаад гэвэл "хүн бүр сүүлчийнхээ өдрийг хүртэл өөрийгөө хүмүүжүүлж байх ёстой”.
Ангилал: Бусад | Хичээл нэмсэн: buyanbolor (2011-02-08)
Үзсэн: 1658 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
avatar
1 Бямба • 0:48 AM, 2011-02-09
Дажгүй юм бичээд байгаарай
ComForm">
avatar