Мягмар, 2024-04-23, 6:18 AM
Welcome Зочин | RSS
Харилцах булан
200
Бид 1 сургуулийнхан
Хэрэглэгчийн булан
Сайтаас хайх
Цаг агаар

Жаргалантын сургууль

Хичээл

Нүүр хуудас » Хичээл » Бусад

Герман, Франц улсын бага сургууль
Франц улсын бага сургуулийн сурагч (Герман багшийн ажигласнаар)

Сурагчид бүтэн өдөржингөө хичээлтэй: 8.30-аас 16.30 хүртэл, дундаа 1 цаг 30 минутны завсарлагатай. Энэ нь гэхдээ, хүүхэд 3 нас хүрээд буюу цэцэрлэгт явж эхэлсэн цагаас хойш мөрдөгддөг цагийн хуваарь. Сургууль дээрээ ийм их цагийг өнгөрөөдөг хүүхдүүд "гайхалтай ухаантай” байх ёстой. Гэтэл бодит байдлыг ажиглахад, хүүхдэд тоглох эсвэл өөрийн дуртай зүйлээ хийх цаг бага байдгаас болж идэвхи санаачилга багатай харагдаж байна. Зуны амралтын (бидний хувьд урт хугацааны) 2 сарыг эс тооцвол, сурагч нь багшаас төлөвлөж гаргасан, багш төвтэй сургалтын системээр явдаг. Бага ангийн сурагч нь маш дэг журамтай. Хонх дуугармагц бусад сурагчийн хамтаар хоёр хоёроороо нэг эгнээ болж зогсоод хаалга руу явна. Тэндээ багшийг орж болно гэж хэлтэл хүлээдэг. Ангидаа орсны дараа чимээ гаргалгүй, сандал дээрээ сууна. Багшийн "Та нар цайгаа ууцгаасан уу?” гэсэн уламжлалт асуулт тавигдах үеэр хүүхдүүд хажуугийн хүүхэдтэйгээ хэдэн минут аяархан ярилцаж болно. Үүний дараагаар харин тэд чимээгүй болж, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Сурагч багшаа маш ихээр хүндэлнэ: багшийн хэлсэн үг болгоныг сонсож, сургуулийн дотор, гадна, тэр ч байтугай хотод тааралдахад хүртэл багшийгаа хүндэлж, эелдэг харьцдаг. Гэртээ би сайн дүнтэй харих ёстой гэдгээ бодож, сэтгэлийн шаналгаатай явдаг. Бас даалгаврынхаа утга учрыг сайн ойлгоогүй байж бүгдийг нь яс цээжилдэг.


Герман улсын бага сургуулийн сурагч (Франц багшийн ажигласнаар)

Хүүхэд бол тэдний хувьд "Хаан”. Тэд сахилгагүй, чанга дуутай, бүрэн эрхтэй, хүнийг хүндэлдэггүй, бас огцом шийдвэр гаргадаг. Санаа бодлоо маш чөлөөтэй илэрхийлдэг, анхаарлаа төвлөрүүлэх тал дээр харин асуудалтай. Ангийн хаалгаар салхи шуурга шиг орж ирэнгүүтээ бусадтайгаа ноцолдож эхэлнэ. Багш нь орж ирсэн ч гэсэн түүнийгээ үргэлжлүүлнэ. Тэдний багш бол нарийн мэдрэмжтэй, сэтгэл судлаач байх хэрэгтэй бөгөөд хичээлээ эхлүүлэхийн тулд аятайхан, зөв боломжийг олох шаардлагатай. Хичээл эхэллээ, сурагчид цүнхнээсээ гэртээ бэлдсэн талхаа гаргаж ирнэ. Багш нь арга эвийг нь олж байж хичээлээ эхлэнгүүт, урд суугаа нэг нь босож хамгийн арын ширээнд суугаа нөгөөгөөсөө дэвтэр зээлнэ. Хэрвээ аливаа нэг зүйлтэй санал нэг биш бол, түүнийгээ хамаг чангаараа орилж мэдэгдэнэ. Үүний хариуд багш нь нийтээрээ шийдвэр гаргах, хүүхдүүдийн анхаарлыг татаж тэдний идэвхийг өрнүүлэхийн тулд тус болохуйц (эсвэл ач холбогдол ч өгөхөөргүй) яриаг шинээр өрнүүлдэг.




Франц улсын бага ангийн багш (Герман багшийн тодорхойлсноор)

Багш хүн бол "төрийн төлөө зүтгэгч”. "Мастер” нэрийн доорх багшийн үүрэг даалгавар нь түүнд тодорхой хэмжээний нэр хүндийг олгодог. Тэр маш хатуу бөгөөд дэг журам, сахилга бат гэдгийг хүүхдэд яаж зааж сургадгийг сайн мэддэг. Ерөнхийд нь харахад, багш нь сурагчдаасаа маш их зүйлийг шаардана. Герман багшийн хэлсэнчлэн, багш нь хүүхдүүдтэйгээ ээж шиг нь ч юм уу дотны харьцаа байхгүй, харин бүр эсрэгээрээ. Тэдний хоорондын харьцаа холбоо хөндий, гэсэн хирнээ нөхөрсөг. Багш нь хүүхдүүдээ "хувь хүн” гэж огт авч үзэхгүй мэт. Гэхдээ тэдний санаа бодлыг маш анхааралтай сонсож, хүлээж авдаг. Франц багш нь нийт ордог хичээлүүдээс цөөн тооныг нь эзэмшсэн байх авч, бүх төрлийн хичээлүүдийг орох ёстой. Сурган хүмүүжүүлэх аргын талаар ярилцаж болох хурал цуглаан гэж байхгүй. Заах арга зүй, арга барилын талаар туршлага, мэдээлэл солилцох тодорхой цөөхөн хэмжээний арга хэмжээ явагддаг. Үүний оронд харин багш нь хичээлийн хүрээнд ямар нэг зүйлийг хийх болоход, маш их хэмжээний бичих ажилтай болдог, жишээ нь: захиргаанд хандаж хүснэгт бөглөх, зөвшөөрөл авах гэх мэт.


Герман улсын бага ангийн багш (Франц багшийн тодорхойлсноор)

Герман багш нь үргэлж цагт баригдаж явдаг. Өглөө 7.50-иас 13 цаг хүртэлх хичээлийн энэ богино хугацаанд хичээж байж л төлөвлөсөн зүйлээ зааж амждаг. Тэрбээр маш тэвчээртэй; сурагч болон тэдний эцэг эхтэй байнгын харьцаатай байж, орох хичээлийн болоод гэрийн даалгаврын материалын талаар тэдэнтэй ярьж хэлэлцдэг. Багш нь хэзээ ч хүүхдүүдтэйгээ чанга дуугарч харьцдаггүй, тэдэндээ итгэж найдаж, дотны нөхөр шиг нь хандаж, сурагч бүрийн санал хүсэлт, шаардлага болгоныг хүлээж авдаг. Багш нь мэдээж бусдын адил насанд хүрсэн хүн, гэхдээ сурагчдынхаа өмнө ямар нэг онцгой байр суурь байхгүй. Хэрвээ хүндлүүлэхийг хүсвэл, удаа дараа өөрийнхөө чадвараа харуулж, батлуулах ёстой, жишээ нь: сурагчдын сонирхлыг байнга өдөөх, тэднийг идэвхтэй байлгах, хамт олныг удирдах, сургалтын хөтөлбөр гаргах, хэрэгжүүлэх, түүнчлэн бусдын санаа бодлыг сайн сонсох, хичээлийг удирдан явуулах, зөвлөлгөө өгөх гэх мэт. Багш нь хийхэд төвөгтөй, бас татгалзахын аргагүй сургалтын хөтөлбөрт таарсан хэд хэдэн тоглоомтой байдаг. Тэд хоорондоо заах арга зүйн талаар байнга мэдээлэл солилцдог. Хүүхдүүдээ хичээл рүү нь анхааруулж, тэдэнтэй идэвхтэй ажиллаж эхэлсэн бол, дараагийн ээлжинд эцэг эхтэй нь тулж ажиллах болдог. Харин аав ээжүүд нь багшийн ажил, заах арга барилд нөлөөлж, тэдний ажилд садаа болдог. Ингээд багш нь, эцэг эхтэй хамтарч хийсэн хүмүүжлийн болоод сургалтын талаарх санал хүсэлтийг цуглуулах ажилтай болдог.


Франц улсын бага сургууль

Хичээл эхлэх, дуусах тэр үеийг эс тооцвол, сургууль руу орох, тэр бүү хэл гадагшаа гарч ч болохгүй. Хүүхдүүдийг завсарлагааны үеэр хичээлээ орхиж явуулахгүйн тулд гарч ордог үүд хаалга нь хаалттай, бас сургуулийн талбай нь 2 метр өндөр хашаатай байна. Сургууль нь том биш, ангиуд тохижилт муутай, өөрөөр хэлбэл хоосон. Хичээлээс гадуур бусад үйл ажиллагаанд зориулсан тусгай өрөө тасалгаагүй. Хананд өлгөсөн фото зургийн тоог айхтар хянадаг. Биеийн тамирын болоод чөлөөтэй гүйж харайх заалгүй. Зарим нэг сургуулиудад л номын сантай, гэхдээ бас тэдгээр нь цөөн хэдэн тооны сурах бичигтэй. Багшлах хугацааны явцад багш нь өөрөө л хамаг төлөвлөгөөгөө боловсруулж, түүнийгээ бас үүрч гардаг. Сургуулиудыг харахад, ажилгүй амьдрал хэцүү өрхүүд амьдардаг хорооллын сургуулиуд нь илүү тохижсон, бас хэрэгтэй зүйлээ шаардаад авч чаддаг санагдсан.


Герман улсын бага сургууль

Сургуулийн барилга нь маш том. Анги нь гэгээтэй, шал нь хивсэнцэртэй. Дээш доош нь гүйлгэдэг шинэхэн самбар нь зөвхөн багш л ашигладаг "мэдлэг дамжуулдаг ариун булан” биш, бас сурагчдаас болон сурагчаар дамжиж мэдлэг мэдээлэл өгдөгийг харуулна. Сурах бичиг, гарын авлагыг нь харахад хэн ч гомдол мэдүүлэхээргүй. Хүүхдийн хүсэж мөрөөддөг бүхий л юм тэнд байдаг.
Сургууль нь гаднаа асар их талбайтай. Хүүхдүүд дуртай газраа тоглож, завсарлагааны үеэр сургуулийн хашаанд орж, бас гарч болно. Тэр ч байтугай, германы сургуулиудын ойр хавьд байдаг, тэдний салшгүй нэг хэсэг гэж нэрлэж болох "түргэн хоолны газраас” идэх юм авах гэж сургуулиа орхин явдаг.


Дээрх мэдээлэл нь Герман болон Франц улсын багш нарын хувь хүний ажиглалтаас үүдсэн, өөрөөр хэлбэл энэ нь уг хоёр улсын сургалтын системыг харьцуулсан судалгаа шинжилгээний ажил биш юм гэдгийг уншигч танд дахин хэлэх хэрэгтэй болов уу. Гэхдээ үүгээр энэхүү хоёр улсын бага ангийн багш, сурагч, эцэг эхийн хоорондын харилцаа холбооны ялгаатай тал, түүнчлэн өөр соёл, хэв заншилтай багш нарын заах арга барилыг өөр дээрээ тусгаж хэрэгжүүлэх хэцүү байдаг зэргийг багш нарын ажиглалтаас харж болох юм.


Энэ нийтлэлээс харин бид юу ойлгов, юуг нь авч хэрэгжүүлж болох вэ гэдгийг бодолцож болох юм. Германы бага сургуулийн хувьд гэхэд, багш нь хүүхэд рүүгээ илүү хандаж, тэдний санаа бодлыг сонсож, эцэг эхчүүдтэй их ойр дотно ажилладаг нь харагдаж байна. Франц сургалтын хувьд, багш нь дээрээс өгсөн хөтөлбөрийг зөвхөн биелүүлэгч биш, харин сурагчдаа сайн таньж мэддэгийн хувьд биеэ дааж хүүхдэд таарч нийцсэн хөтөлбөрийг санаачлан гаргадаг гэж ойлгож болох юм.
Багш солилцох журмаар хөрш орондоо туршлага хуримтлуулсан бага ангийн багш нар бас бүгдээрээ муу талыг нь харж ажиллаагүй юм. Энд соёлын болоод сургалтын ялгааг гаргахын тулд зориуд сөрөг талыг нь барьсан ажиглалтуудыг сонирхуулж тавилаа.  
Ангилал: Бусад | Хичээл нэмсэн: Xopboo (2011-02-09)
Үзсэн: 1319 | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
ComForm">
avatar